Дэлхий дахинд корона вирусын халдвар тархаж байгаа энэ цаг үед Монголчууд ч мөн адил урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлсээр байна. Нэн яаралтай авах арга хэмжээний хүрээнд нийслэл хотод онц байдал зарлаж аж ахуйн нэгжүүд зайнаас ажиллах горим руу шилжсээр байгаа билээ. Тэр дундаа манай бизнесийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа видео хурлын програмуудыг нэвтрүүлж ажилтнуудынхаа эрүүл мэндийн нөхцөлд анхаарч байна. Гадууд явахгүйгээр, гэрээсээ ажиллаж зөвхөн шаардлагатай үед оффистоо ирэх нөхцлийг бүрдүүлсэн эдгээр компаниуд дотоод хэрэгцээндээ ямар ямар технологиудыг ашиглаж байгаа талаар товчхон мэдээлэл хүргье.
- Ихэнхи компаниуд Zoom аппликэшнийг хэрэглэж байна. Онлайн хуралд шаардагдах нийтлэг боломжууд уг аппликэшнд байх бөгөөд үнэгүй хувилбараараа 100 хүртэлх хэрэглэгчдийг хооронд нь холбож чадна. Та мөн ямар ч хамаагүй хөдөлгөөнт төхөөрөмж/гар утас, таблет/ ашиглан видео хуралдаа оролцох боломжтой. Zoom -ийн үнэгүй хувилбарт 40 хүртэлх минутын хугацаанд л бусадтай холбогдох нь жаахан тиймхэн. Гэсэн ч энэ хугацаанд та хийж буй ажлынхаа үр дүнг даргадаа дэлгэрэнгүй танилцуулаад амжих байх. Дашрамд дурдахад корона вирус идэвхитэй тархаж эхэлсэн 2020 оны 02-р сарын эхэн үеэс Zoom-ийг хэрэглэгчдийн тоо өдөрт 2 саяар нэмэгдэж байсан. Харин сүүлийн үед энэхүү аппликэшний аюулгүй байдлын тал дээр сөрөг мэдээллүүд их харагдах боллоо. Магадгүй харилцагчдын хувийн мэдээллийг цааш дамжуулдаг гэх мэт асуудлуудынх нь талаар та сонссон байх. Тиймээс та бүхэн компаний дотоод хэрэгцээндээ Zoom -ийг ашиглах гэж байгаа бол бусад ижил төстэй технологиудтай сайтар харьцуулж үзэхийг зөвлөж байна.
- Google хэзээ ч байр сууриа алдахгүй. Тэрэнд танд хэрэгтэй бүх юм бий. Google корпорацийн хувь хүн, албан байгууллагуудын хэрэгцээнд зориулан гаргадаг багцын олон үйлчилгээ байдгаас манайхан Hangout ба GoogleDuo -г идэвхитэй ашиглаж байна. 10 хүртэлх ажилтантай жижиг дундын компаниуд ихэвчлэн онлайн уулзалтын шийдэлдээ энэхүү Duo үйлчилгээг хэрэглэх боломжтой байдаг. Яриа тасалдахгүйн дээр видео хуралд шаардлагатай бүх товчнууд түүнд бэлэн байгаа. Хэрэв танай байгууллага Gsuite үйлчилгээг google -ээс авч хэрэглэдэг бол өөр олон хэрэгцээт програмуудыг нь Duo -тай хамт онлайн горимд ашиглаж өдөр тутмын компанийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Цаашид ч аюулгүй байдал хамгаалалтын тал дээр нь санаа зовох зүйлгүй сэтгэл амар байж болно.
- Microsoft Teams – Энэ бол майкрософтын зүгээс танд болон танай хамт олонд барьж байгаа маш том бэлэг. Онлайн уулзалтанд хэрэгцээтэй бүх зүйлс багтсан энэхүү програмыг манай улсын томоохон компаниуд аль хэдийнэ хэрэглэж дадсан байна. Microsoft Teams -г ашиглаж байгаа ажилтнууд видео хурлын явцад дүрсээ хадгалах, холбоотой баримт бичгээ дамжуулах гэх мэт өргөн хүрээний хэрэгслүүдийг ашиглаж болдгоороо онцлогтой. Найдвартай нууцлал бүхий Microsoft office 365-ын нэгээхэн хэсэг болсон энэ програмыг та 6 сарын хугацаанд төлбөргүй ашиглах бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
- Meeting.mn – Эрэлт байхад нийлүүлэлт зайлшгүй бий болдог хуулийг дагаж Монголчууд өөрсдөө бизнесийнхээ шаардлагад нийцүүлэн видео хурлын програмыг хөгжүүлсэн байна. Технологийг хөгжүүлэхэд шаардлагатай хэрэгслүүдийг дотооддоо байршуулсан тул хурлын явцад дүрс гацах, яриа тасалдах гэх мэт бэрхшээлүүд тулгарахгүйн дээр асуудал гарахад эх хэлээрээ мэргэжлийн инженерүүдээс шууд заавар зөвлөмж авч болох нь энэ технологийн хэрэглэгчидтэй илүү ойр байх давуу тал болжээ. Мөн үнийн хувьд харьцангүй уян хатан нөхцөлтэй санагдлаа. 2 төрлийн үнэ санал болгосных нь дагуу түр хугацаанд төлбөргүй туршиж үзээд худалдан авах эсэхэ шийдэж болох л юм байна.
Хэрэв танай байгууллага зайнаас ажиллах горим руу шилжихээр шийдсэн бол дээрх програмуудаас алийг нь ч өөрсдийн хэрэгцээнд нэвтрүүлэн ашиглаж болох юм. Ер нь тэгээд аль ч програм нь дүрс болон яриаг тасалдалгүй л дамжуулж байвал ашиглахад эвтэйхэн байна гэсэн үг. Цаг хэмнэнэ. Хурал оролцогчдын эерэг уур амсьгалыг ч хадгална. Харин цаашлаад удаан хугацаанд аль нэгийг нь сонгохоор бол байнга үнэгүй байна гэж юу байх вэ. Тодорхой хэмжээнд төлбөр тооцогдоно. Төлбөр нь хуралд оролцогчдын тооноос шууд хамаарна гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Нийтэлсэн: Базар